Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын “КЕС-Баскет” ТББ, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулсан ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” тэмцээний ахлах насны ангилалд түрүүлсэн Д.Үүрдсайхан дасгалжуулагчтай хөвгүүдийн “Мөнх тэнгэр”, С.Сүхээ дасгалжуулагчтай БЗД-ийн 48-р сургуулийн охидын “Золбоо” багууд хойд хөршийн Пермь хотод болсон Бүх Оросын “Сурагчдын лиг” тэмцээний шилдэг багууд өрсөлдсөн “Супер шигшээ” тоглолтонд амжилттай оролцлоо. Монголын хөвгүүд “А” хэсгээс 2 хожилтойгоор дэд байраар шалгарч, шөвгийн наймд “В” хэсэгт тэргүүлсэн Башкорстоны БНУ-ын Салават хотын 1-р лицей сургуулийн “Салаватские бульдоги” багтай учраа тааран, ширүүн тэмцэлдсэний эцэст 51:66 гэсэн оноогоор хожигдсоноор 5-8-р байрын төлөө тоглох эрхтэй үлдэв. Манайхныг ялсан энэ баг цааш өрсөлдөгч баг бүрээ буулган авсаар нэг ч хожигдолгүй түрүүлсэн бол залуу тоглогчидтой маань нэг хэсэгт тоглосон “Атланты Сибири” баг 3-р байрыг эзэлсэн. Хөвгүүдийн баг дараагийн тоглолтоо Киров мужийн Кирс хотын “Драгонс” багтай хийж, ганцхан онооны зөрүүгээр буюу 86:85-ын харьцаагаар хошуучилж, 5-р байрын төлөө шигшээ тэмцээнийг зохион байгуулагч Пермийн 1-р лицей сургуулийн “Лицей-Баскет” багтай тоглов. Ур чадвар ойролцоо 2 багийн тоглолт оноо өгч, авалцсаар 83:86 оноогоор эздийн ялалтаар өндөрлөлөө. “Мөнх тэнгэр” багийнхан Оросын 16500 сургуулийн 1,5 сая хүүхэд оролцсон нүсэр тэмцээнээс шалгарсан 15 шилдгийн шилдэг багтай ач тач өрсөлдөж, шагналт 6-р байрт шалгаран, өнгөрсөн жил оролцсон хөвгүүдийн амжилтыг 3 байраар урагшлуулсан юм.
Энэ эрчээрээ тоглоод, бэлтгэл хийх нөхцөл бололцоог нь хангаад өгвөл манай хүүхдүүд эхний гуравт багтчих нөөц бүрэн байгаа нь сайшаалтай. Хувийн онооны үзүүлэлтээр Энхтүвшингийн Төрбат /6 тоглолт, 84 оноо, дундаж оноо 14,0/ жагсаалтын 21-д бичигдсэн бол Батбаярын Төгөлдөр, Буяннэмэхийн Мандалбаяр, Эрдэнэбаярын Өлзийбаяр нар шилдэг 50-д оржээ. Харин охидын баг Алтайн хязгаарын Рубцовск 8-р сургуулийн “Сириус”, Ленинград мужийн Гатчина хотын 2-р сургуулийн “Аэродром”, Калининград мужийн Зеленоградск хотын багуудтай таарч тоглосон. Ялангуяа сүүлийн багтай хийсэн тоглолт өрсөлдөөн дүүрэн өрнөж, О.Билгүүнзаяа багтаа 22 оноо авсан хэдий ч 50:54-өөр нөгөө багт ялалт очсон. С.Сүхээ багшийн шавь нар дараа нь Пермь мужийн Березники хотын 1-р сургуулийн “ТЭМП” багт хожигдон, залгаад Калининград мужийн “Snap back”-тай талбайд гарч, тоглолт 68:45-аар монголын багийн давамгайллаар дуусав. Удалгүй 13-14-р байрын төлөө Нижегородск мужийн Павлово хотын 1-р сургуулийн “БЭМС” багт 53:63 оноогоор дийлджээ. Охидын тэмцээнд Тула мужийн “Лидер” баг түрүү багаар тодорч, аваргын цом өргөж, манайхантай нэг хэсэгт тоглосон “Аэродром”, “Сириус” багууд удаах байруудад шалгарав. Тэмцээний үеэр зохиогдсон охидын холын шидэлтийн тэмцээнд Ж.Янжинцэрэн 5 оноогоор 11-р байрт шалгарч, хувийн үзүүлэлтээр Ням-Очирын Тунгалаг /6 тоглолт, 91 оноо, дундаж 15,17 оноо/ 21-д орсон бол Одгэрэлийн Билгүүнзаяа, Жаргалсайханы Янжинцэрэн нар шилдэг 50-д багтсан байна. Баг тамирчдын ахлагч, НБТСГ-ын ахлах мэргэжилтэн А.Болдмаа тэмцээнд оролцоход бүх талын туслалцаа үзүүлсэн НЗДТГ болон төмөр замын байгууллагын удирдлагуудад талархал дэвшүүллээ гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.